Та хэвлийдээ үр тээсэн гэдгээ ухаарахаас ч өмнө таны бие тээсэн бяцхан амиа дэлхийд авчрахаар бэлдэж эхэлдгийг та мэдэх үү?
Таны биед жирэмсний өөрчлөлтүүд мэдрэгдэж эхлэх хүртэл нэлээд хугацаа өнгөрч магадгүй ч, энэ л хугацаанд таны бие шинэ хүнийхээ өсөлт хөгжилтөд зориулан эхний өөрчлөлтүүдээ хийж эхэлдэг. Энэ үеийн дааврын хурдацтай өөрчлөлтийг хөх хамгийн түрүүнд мэдэрдэг. Яагаад гэвэл энэ л үеэс хөх ирээдүйн хүүхдийг тэжээхдээ бэлдэж эхэлдэг.
Жирэмсэн болсон үед хөх эмзэг, мэдрэмтгий, хөндүүрхэн болдог бөгөөд жирэмсний анхны шинж тэмдгүүдийн нэг аж. Хөх хөндүүрлэх нь заримдаа жирэмсний хугацааны турш мэдрэгдэх ч зарим үед төрөхийн өмнө, эсвэл эхний хэдэн долоо хоног мэдрэгдээд л алга болдог байна. Үүнээс гадна хөхөнд олон өөр өөрчлөлтүүд гарах ба дор дурдвал:
Монтгомерийн товруу – Хөхний нөсөөт хэсэгт үүсдэг жижиг жижиг товруу ба шүүрэл ялгаруулж хөхний толгойг чийгшүүлэх, хамгаалах үүрэгтэйн хажуугаар хүүхэд энэ шүүрлийн тусламжтайгаар хөхөө олон зөв амладаг.
Хөхний хураагуур судас өргөсөх – Жирэмсэн үед хөхний цусан хангамж ихэсдэг. Учир нь хөхөнд сүү үүсэхийн тулд эхлээд хөхөнд маань тэжээл, бас дахин тэжээл хэрэгтэй!
Хөхний нөсөө тодрох – Учир нь жирэмсэн үед ялгарах даавар нь арьсны нөсөөжих үйл явцыг идэвхжүүлж байдаг.
Жирэмсний сүүл үеэс хөхний толгой өөрчлөгдөнө. Учир нь хөхний толгой хүүхдээ хөхүүлэхэд тохиромжтой хэмжээ хэлбэрт орж байгаа хэрэг.
Хөх томрох, бэрсүү тэмтрэгдэх – Ирээдүйн бяцхан үрсийг маань тэжээхийн тулд, сүүгээ үйлдвэрлэхийн тулд, хөхний булчирхай томорч, сүүгээ жижиг том уутанцарт нөөцлөн бэлдэж байгаа аж.
Зарим үед жирэмсний сүүлийн хагасаас хөхнөөс сүү мэт зүйл ялгардаг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл тул та санаа зовохгүй байж болно.
Хөхний арьс эмзэг болж загатнан язрах – Зүгээр дээ! Таны хөх хэмжээгээр томорсон хэрэг. Энэ үед та хөхний арьсаа чийгшүүлэн уян хатан чанарыг нь нэмэгдүүлэхэд л энэ эмзэглэл зовууриуд ор мөргүй арилах болно.
Та өөрөө байгаль. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛААРАЙ